Thursday, September 19, 2013

...унтах гээд гэгээн цагаан өдөр орон дээрээ хэвтэх үестээ би маш их аз жаргалыг мэдэрдэг. Би жаргаж байна даа гэж боддог ч үгүй, зүгээр л энэ их таатай мэдрэмж. Хөвөн даавуун биш бүтээлэг минь дандаа л гое сэрүүхэн байдаг, хөвсгөр зөөлхөн хөнжлөө нөмрөхөд би хорвоогийн хамгийн амар амгалан нэгэн болдог.
Өнөөдөр ийн хэвтээд нүүрэн дээр тусах нарны цацрагууд миний арьсыг хэрхэн илбэж буйг, зүүд нойр хэзээ ирэхийг бодон байх үест гэнэт аньсан аньсаганы минь цаана нэгэн бороотой шөнө бүрхэг малгай духдуулсан, пальто өмссөн эр тамхи татан зогсох үзэгдэв. Түүний нүүр царай, нүд хөмсөг огтоос харагдахгүй авч яг тэр гудамж, яг тэр барилгууд, яг тэр шөнө хагас сэрүү, хагас унтаа ухаанд минь дэндүү танил, магад өчигдөрхөн би тэнд байсан юм шиг санагдах нь туйлаас хачин. Би  хэзээ ч ирэхгүйгээр орхин одохдоо хамгийн сүүлийн удаа түүнийг харсан нь энэ юм болов уу урьд насандаа? Эсвэл би өөрөө тэр эр байв уу? Хамгийн эцсийн удаа харсан гэж бодвоос магад би өөрийн шийдвэрээр бүр явсан эс болбоос өөрөө ч эцсийх гэдгийг мэдэлгүй маргааш уулзана гэж бодон инээмсэглэн салсан ба маргааш нь болохоос өмнө ямар нэгэн муу зүйл тохиолдон тэрхүү насны бидний учрал цэглэсэн. Хэрэв би тэр эр өөрөө байсан бол ямар нэгэн шинэ зүйлийн эхлэл дээр ирчихээд хуучин амьдралтайгаа салах ес гүйцэтгэн тамхи татан зогссон нь тэр байх. Түүний хүсээгүй шинэ амьдрал, түүний байж чадахаа байсан хуучин амьдрал хоерыг зааглах энэ л шөнө.
Одоо ч тэр дүр зураг нүдэнд харагдсааг, магад ердөө энгийн нэгэн зүүд л байсан буй заа...

No comments:

Post a Comment